“Ад үзэгдэх зориг” номын тэмдэглэл (Кишимо Ичиро, Кога Фүмитакэ)

Urin Nyamsuren
2 min readJan 6, 2021

--

Миний дөнгөж сая утасны камераар дарсан зураг, кеке.

“Хүн яагаад өөрийгөө ‘бусдаас илүүд’ эсвэл ‘бусдаас дорд’ үздэг вэ? Аль нь ер нь зөв бэ? Хүүхдээ “хичээлээ хий” гэж загнах нь зүйтэй юу?” гэх мэт бодит амьдрал дээр танд философидох шаардлага гаргаж ирдэг асуудлууд өдөр бүр тулгардаг. Хариултуудаа харин та ямар номноос олно гээч? Кке.

Амьдралынхаа төлөө таны хийж чадах зүйл бол “өөрийн хамгийн сайн гэж итгэсэн замыг сонгох явдал”, ердөө л энэ. Харин тэр сонголтыг тань бусад хүмүүс хэрхэн үнэлэх нь тэдний л асуудал, та яаж ч чадахгүй.

I. Ерөнхий дүгнэлт, зөвлөмж:

Энэхүү номын тэмдэглэлийг уншихаар завдаж буй хүн бүхэн унших ёстой ном. Үгүй ээ, нээрээ. Би тоглоогүй. Энэ тэмдэглэлийг уншихыг завдаагүй ч хүмүүсийг уншаасай гэж хүсмээр байвч энэ тэмдэглэлийг уншихгүй байгаа хүмүүст яаж “уншаарай” гэж хэлэх билээ, хаха. Парадокс.

Гэхдээ яагаад унших ёстой вэ гэж үү?

  1. Бичиглэл:

Маш хялбар. Уншихад дэндүү энгийн. Ийм номыг уншихгүй бол та тэгээд ер нь л ном огт уншихгүй л хүн байна гэсэн үг гэвэл арай ширүүн юм уу, кк.

2. Агуулга:

Таны яг асуугаад байгаагаа ч хүлээн зөвшөөрдөггүй, анзаардаггүй асуултанд тань хариулна. Тийм ээ, нөгөө нэг амьдралын талаарх “том” асуултууд.

3. Боломж:

Орчуулга нь байна шүү дээ! Бурхан минь, ер нь амьдрал өөрчлөхүйц номнууд монгол хэл рүү хөрвүүлэгдэх нь ховор шүү.

Учир зүггүй өөрийгөө өөдрөгөөр хардаг байх шаардлагагүй. Өөртөө өөдрөг байх гэхээс илүүтэй өөрийгөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

II. Хувийн сэтгэгдэл:

Миний амьдралыг бол өөрчилсөн ном байсангүй. Гэхдээ яагаад гээч? Ердөө л учир нь би эл номыг уншихаас өмнө түүний гол агуулга бүхий Адлерын сэтгэл судлалын сургаалиудыг эртний философичид эсхүл сэтгэл судлаачдын илүү хүнд номнуудаас, мөн өөрийн амьдралын туршлагаас, учирсан болон нөхөрлөсөн хүмүүс зэргээс хэдийн ерөнхий байдлаар нь ухаарсан байлаа.

Гэвч хүн бүр миний замыг туулахгүй бөгөөд хэцүү үг хэллэгүүдээс эмээх жир хүмүүс бидэнд маш энгийнээр амьдралын утга учир, зорилго, дотоод сэтгэлийн айдас, мөн хамгийн гол нь мэдээж аз жаргалын түлхүүрийг тайлбарлана. Унших явцдаа зогсолтгүй л санал нэгтэйгээр толгой дохисоор сүүлийн хуудсыг эргүүлж дуусгалаа.

Өсвөр насандаа уншсан бол тархи толгой минь “цөм” нээгдэх байжээ (жаахан муухай хэлчихлээ, кка). Гэвч одоо ч амьдралдаа нэг л тав тухгүй мэдэрдэг сая сая насанд хүрсэн, магадгүй ахимаг настай ч хүмүүс байгааг үгүйсгэх арга үгүй. Хэдэн ч настай бай, та энэхүү тэмдэглэлийг уншсан л бол “Ад үзэгдэх зориг” буюу англиар “Courage To Be Disliked” номыг уншмой.

Эрх чөлөөг эдэлмээр байвал өртгийг нь төлөх хэргтэй. Хүн хоорондын харилцаан дахь эрх чөлөөний өртөг бол бусдад ад үзэгдэх явдал юм.

Энэхүү нандин номын дотоод агуулгаас та бүхэн өөрсдийн нүд оюунаар шимтээсэй хэмээн аминчлан зөвлөөд, агуулгыг нь танд амсуулалгүй, үнэртүүлээд л орхилоо жүү! Мөн ийм энгийн номонд хүнд бөгөөд урт тэмдэглэл бичих нь ч өөрөө учир утгагүй мэт санагдах тул бичвэрээ энд хүргээд дуусгая. Амьдралдаа ном уншиж үзээгүй хэн бүхэн энэхүү номоор номын аяллаа эхлүүлээсэй ч гэж ам бардам зөвлөмөөр санагдав.

Асуудал нь ертөнц ямар гэдэгт бус, харин та ямар гэдэгт байгаа юм.

01:36 AM

2021.I.07

--

--

Urin Nyamsuren
Urin Nyamsuren

Written by Urin Nyamsuren

Nothing is as good as good itself.

No responses yet