“Кофе хөрөхөөс өмнө” номын тэмдэглэл (Кавагүчи Тошиказү)

Urin Nyamsuren
3 min readSep 30, 2022

--

Номын тэмдэглэлээр та бүхэнтэйгээ уулзаагүй удаж. Кавагүчи Тошиказү хэмээх зохиолчийн “Кофе хөрөхөөс өмнө” гэх ном бол миний хамгийн хурдан, хялбар, таашааж уншсан номнуудын минь нэг байлаа.

Товч танилцуулга

“Кофе хөрөхөөс өмнө” хэмээх номын агуулга “Хосууд”, “Эхнэр нөхөр”, “Эгч дүүс”, “Эх үр хоёр” гэсэн дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд тус бүрт эдгээр хүмүүсийн хоорондох нандин харилцаанууд нэгэн “цаг хугацаагаар аялуулдаг” кофе шоптой хэрхэн холбогдохыг өгүүлнэ.

Бичгийн хэв маяг

“Кофе хөрөхөөс өмнө” ном нь маш өвөрмөц орчинд өрнөх хамгийн нандин харилцаануудыг энгийн бөгөөд “урсах” мэт бичиглэлээр хүүрнэжээ. Би хувьдаа монгол хэл дээрх орчуулгыг нь уншсан бөгөөд надад уншихад их л тааламжтай байсан тул орчуулагч болон редакторуудын багт талархмаар санагдав.

Бодрол ба ухаарал

Амьдралд хэчнээн жигтэй, томоохон үйл явдлууд тохиолдсон ч хүний араншин хэчнээн энгийн, эелдэг, заримдаа ичимхий эсвэл зөрүүд боловч үргэлж “дулаан” байж болохыг надад эл ном харууллаа. Номын дүрүүд мэдээж бүгд л өөр үзэл бодол, зан авиртай хүмүүс боловч бүгд л цаанаа нэг сайныг санасан, сандрах эсвэл гунихдаа ч нинжин… Кэй хэмээх эмэгтэйг нэг найз нь

“жаргалтай амьдрах авъяастай”

хэмээсэн нь миний сэтгэлд ямар том, цайвар шаргал баяр баяслыг авчирсан гээч! Яагаад ч юм ийм авъяас байж болдог болохыг өмнө нь хэн ч, хэзээ ч надад хэлж байгаагүй гэлтэй ихэд цочирдож билээ. Иймд өөрөө ч ийм авъяастай хүн болъё гэж шийдмэр аядав. Авъяас нь байхгүй ч чадвар болгон сурах хэрэгтэй гэж сэтгэл шулуудлаа.

Үүнээс гадна хос, эхнэр нөхөр, эгч дүү, эх үр гэгчлэн гэр бүл доторх олон янзын дотно харилцаа бүр лүү өнгийхдөө хүн бүр эдгээр дотны хүмүүстээ ямарваа нэгэн байдлаар харамсмаар зан үйлдэл гаргаж байсныг харуулсан нь бас яльгүй эмгэнэлтэй. Магадгүй зохиолчийн бидэнд заах гэсэн “хичээлүүдийн” нэг нь: “Дараа нь харамсахаар үг, үйлдлээр хайртай хүмүүсээ бүү зовоогоорой” байсан байж мэдэх юм. Учир нь (*spoiler alert*) тус кафед өнгөрсөн рүү аялсан ч одоо цаг өөрчлөгдөхгүй, ердөө “тэгвэл яах байсан бол?” гэсэн асуултын хариуг өгч, бодит байдлын нэгэн боломжит хувилбарыг л харуулж буй төдий гэх үү дээ. Иймд нэгэнт хийсэн үйл, хэлсэн үгийг хэзээ ч буцааж болдоггүйн уй гашууг онцлоно. Хөнгөхөн мэт найруулгатайгаар бичигдсэн боловч зохиолын “хүндхэн” үйл явдлууд нь намайг оффисуудын хүлээлгийн өрөө, зоогийн газар гэх мэт олон нийтийн газар уншиж суухад минь уйлуулж эвгүй байдалд хэд гурав оруулаад амжсан билээ.

Номын хамгийн том зангилаа асуултуудын нэг болох “одоо цагийг өөрчилж чадахгүй юм бол цаг хугацаагаар аялахын утга учир юу байна вэ?” гэх асуултын хариултыг би “Ад үзэгдэх зориг” номын сэдэв болох Адлерын сэтгэл судлалтай холбож бодов л доо. Өнгөрсөн рүү буцсан ч бусад хүний шийдвэр болон гадаад хүчин зүйлсийн хөдөлгөөн өөрчлөгдөхгүй боловч та өөрөө өөрчлөгдөөд эргээд одоо цагтаа ирнэ. Таны үзэл бодол, ертөнцийг харах өнцөг өөрчлөгдөж, ингэснээр та өөрийн одоо цагийг шинээр бүтээж амьдрана. Тиймээс ч далд утгаараа та “одоо цагийг өөрчилж буй хэрэг” гэж би таан тунгаав.

Дүгнэлт

Гэвч бидэнд цаг хугацаагаар аялах кафе ч бай, технологи ч бай одоогоор байхгүй тул өнгөрсөн рүү аялбал “юу болох байсан бол” хэмээн тааж харамсаж суухуйц алдаа гарган амьдарч байхаар одоо л байж чадах хамгийн сайн найз, сайн эхнэр эсвэл нөхөр, сайн эгч, ах эсвэл дүү, сайн эцэг эх эсвэл хүүхэд байвал зохих.

22:20
2022.09.30
Улаанбаатар хот, Монгол улс

--

--

Urin Nyamsuren
Urin Nyamsuren

Written by Urin Nyamsuren

Nothing is as good as good itself.

Responses (3)