Номын тэмдэглэл: “The Bell Jar” by Sylvia Plath
Эмэгтэй. Өвөрмөц. Харанхуй. Солиорол.
Бичгийн хэв маяг:
Орчин, эд зүйлс, хүмүүс, үйл хөдлөл, бодол мэдрэмжийн нарийн содон дүрслэлүүд. Энгийн лав биш. Гэвч хүнд гэж бас хэлэхгүй ээ. “Гажиг” ба “Эгэл” гэсэн хаягтай хоёр уутнаас тунг нь тааруулан чимхэж цацаад хольсон, өвөрмөц үндэстний зоог шиг ном байлаа.
Утга, эргэцүүлэл, гаргалгаа:
Онцгой бүлгийн хүний бүтээл юм чинь өвөрмөц үндэстний зоог шиг амтагдсан нь ч зүй ёсны хэрэг биз ээ.
Сэтгэц мэдрэл, сэтгэл зүй:
Юун түрүүнд “Шилэн Хорго” (гээд л түрдээ орчуулчихъя) хэмээх ном маань 1963 онд анх хэвлэгдэн нийтлэгдэхдээ өнөөдрийн цахим “од” болсон сэтгэл зүйн сэдвийг хөндсөнөөрөө тухайн цаг үеийнхээ л шилэн таазыг цөмлөн цойлж гарч ирсэн гэвэл хилсдэхгүй.
Гол дүрийн арван есөн настай Эстер Грийнвүүд гэгч охин уралдаан тэмцээний ялалт, шагнал урамшуулал, тэтгэлэг, онц сурлага зэргээрээ үеийнхнийгээ оройлон манлайлах боловч Нью Йорк хотод загварын сэтгүүлд дадлага хийх цөөн охидын нэгээр сонгогдон ажиллах хугацаандаа амьдралаас “тасарч” буйгаа мэдэрч эхэлнэ. Надад хамгийн хачин санагдсан зүйл нь, номын туршид Эстер хэрхэн алгуурхан “солиорч” буйгаа тэмдэглэн дүрслээд явах мэт уншигдах боловч, яг хаана нь, хэзээ нь, яаж байгаад “галзуурчихав” гээд эргээд бодохоор энэ гээд цохчихоор мөч санаанд буусангүй. Энэ миний гярхай уншигч бишийн илрэл үү, эсвэл ном маань уншигчдадаа яг л ийм туршлагыг мэдрүүлэх гэсэн үү? Зохиолч, яруу найрагч, сэтгүүлч эсвэл эрдэмтэн багш болох гэх мэт академик ирээдүй болон ажил мэргэжлийн асуудлууд нь тэр чигтээ түүнийг будлиулан цухалдуулж, эцэстээ бүр утгагүй санагдаж, аяндаа хүмүүсийг дотроо шүүмжилж, үе тэнгийн дарамтнаас зугтмаар байвч гарцаагүй өртсөөр нэг л мэдэхэд хэний ч хийж зүрхлэмгүйг үйлдэж, санаанд багтамгүй газар ирнэ. Энэхүү тусгаарлагдсан, бөглөрсөн, давчуу оршихуйгаа Эстер “bell jar” буюу “шилэн хоргонд” гацсан байдалтай зүйрлэжээ.
Сэтгэл зүйч Аарон Бекк хожим гол дүрийг шинжлэхдээ бага насандаа эцгээ алдаж, том болоод “перфекционизм” буюу төгс байх гэсэн туйлширсан хүсэлд ороогдсон гэх хоёр шалтгаанаас үүдсэн депресс буюу сэтгэл гутралаар өвчилсөн гэж дүгнэсэн байдаг.
Уншигч миний сэтгэл ийнхүү сэтгэцийн эмгэгийн харанхуй ертөнцөөр өөрөө бачууран аялж ядаж байтал “Bell Jar” ном нь цэвэр уран сэтгэмжээс бүтсэн хуурамч түүх биш гэдгийг мэдээд өр өвдөж орхилоо. Америкийн хүндэт зохиолч Силвиа Плат нь өөрийн оюутан насны бодит явдлыг арваад жил дотроо бодон шаналсны эцэст уран зохиолын нөмрөгт хучин өөрөөсөө чөлөөлөн хорвоод илгээсэн нь энэ ном аж. Ном нь Англид анх хэвлэгдсэнээс нэг сарын дараа зохиолч эмэгтэй амиа егүйтгэж, харин нөхөр болон ээжийнх нь хүсэлтээр Америкт хэвлэгдэх хугацаа нь зохиолчийг нас барснаас нэлээн хэдэн жилийн дараа хүртэл хойшилж байжээ.
Эцэст нь энэхүү номын мөр бүрээр тархи зүрхээ ээлжлэн гишгэсээр алхсан уншигчийн дүгнэлтийг хүргэе. Хорин нэгдүгээр зууны интернэт-сапиенсууд бид л сэтгэл зүйн эмгэг, эрүүл мэндийн асуудлыг олж нээчхээд өрнө дорнын философи психологийн хооронд алцганан төөрч буй бишээс гадна эмэгтэй хүний хувь шинж ба нийгмийн хүлээлт дарамтын асуудал ч уг сүнсээрээ 60 жилийн өмнөхөөс тэс өөр болж чадсан гэж мөхөс би лав хэлж чадахгүй нь ээ…
Эмэгтэй хүн, феминизм, залуу нас:
Надад нэг өчил байна. Би хэдэн сарын өмнө “Энэ хорвоод эмэгтэй хүн байх” гэдэг асуудалтай нэг мөр нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцъя гэж шийдээд иймэрхүү сэдвээр бичигдсэн шилдэг гэгддэг бөөн ном Амазоноос захиалж хаяад таг мартчихсан байсан юм. Ингээд долоо хоногийн дараа Силвиа Платын “Шилэн Хорго” номтойгоо уулзсан билээ.
Миний номын тэмдэглэл, шүлэг зэрэгтэй хамт байгаад удаж буй уншигчдын ажигч хэд маань миний “эмэгтэй хүний хорвоод эзлэх байр суурь” хэмээх сэдэвтэй үүсгээд амжсан ярвигтай, гүн, нойтон хамуу шиг харилцааг анзаарсан байж мэдэх. Би хариултыг мэдэхгүй, мэддэг хүн ч гэж байхгүй юм шиг санагдах үе ч олон. Гэвч “Сиддхарта”, “Ганцаардлын Өдрүүд”, “Ид, Залбир, Хайрла”, тэгээд одоо “Шилэн Хорго” гэх мэт номууд хариултыг тал талаас нь бүслэн гэрэл тусгаж, эмэгтэй оршихуйн үнэнд арай дөхүүлж өгөх мэт тайтгаруулна.
Утга зохиолын ертөнцөд Sylvia Plath-ын “The Bell Jar” зохиолыг эдүгээ J.D. Salinger-ын алдарт “The Catcher in the Rye” номын эмэгтэй хувилбар гэлцэх нь ч бий гэнэ. Бодоод үзсэн чинь нээрээ л, адилхан л бага залуу насны төөрөгдөлд түнтэгнэх залуу хүү, охин хоёр. Гэвч эмэгтэй хүүхдийн, залуу охины төөрөгдөл эрэгтэй хүүхдийнхээс илүү эмзэг, илүү аюултай, илүү гунигтай санагдсан нь би өөрөө эмэгтэй хүн болохоор өөрийн мэдэлгүй хортой феминист өнцгөөс бодчихсоных уу, эсвэл магадгүй “Хөх Тариан Талбайд” номын Колфийлд хүү “Шилэн Хорго”-ын Эстерээс хоёр насаар дүү учраас оюутан биш ахлах сургуулийн сурагчийн арай хөнгөн, “хүүхдийн” түүх гэж санагдсаных юм болов уу… Ямартай ч л, “онгоноо алдах”, сарын тэмдэг, жирэмслэлт, төрөлт, “хүний овгоор овоглогдох”, мөн гоо сайхан гэх асуудлууд лав эрэгтэй хүүхдэд байхгүйг би мэднэ. Адилхан л хоёр залуу хүүхэд адилхан л Нью Йоркийн гудамж метрлэн дэмий л гунихран алхлана. Гэвч шөнө ганцаараа “эморч” золбирон алхах туршлага л гэхэд эрэгтэй эмэгтэй хүүхдэд лав адил байдаггүйг бид нийгмээрээ мэднэ шүү дээ. Гэхдээ сэтгэл зүрхэнд минь дулаахан байр суурийг эзэлж чадсан хайрт Колфийлд хүүгийн маань асуудал мэдээж хүйсээс байтугай нас, мөнгө, эрх мэдлээс ч хамаардаггүй сэтгэл зүйн эмгэг гэгч мангасын аманд залгиултлаа хүндрээгүйг би мэднэ ээ.
Ай даа…
Эцэст нь Силвиа Плат эгчийгээ ахиад жаахан л тэсчихгүй яав даа гэж битүүхэн дэмжих, ялимгүй зэмлэх мэдрэмж дотор минь буцалсаар энэхүү номын эргэцүүллээ дуусгаж байх шив дээ. “Эхнэр, ээж, эмэгтэй” хүнтэй цуг нэг биед багтаж дийлэхгүй бачимдсаар “зохиолч” хүн өөрөө явъя гэж шийдсэн нь тэр бололтой…
19:35
Лха, 2024.07.24
Гачуурт, УБ