5 худал, 4 үнэн
Нэг бясалгаад бүхнийг ойлгодог
Энэ бол худал,
Нэг аялаад амьдралыг үздэг
Энэ ч мөн худал.
Нэг уйлаад зовлонг мэддэг
Тийм, энэ мөн л худал.
Нэг жаргаад үүрд жаргах
Бас л худлаа.
Сургамж бүр үүрдийнх бус ганц удаагийнх,
Сурах зүйл харин ахин дахин
Сая саяар танд зочлох
Энэ харин үнэн.
Цаг хугацааны нэг л цэгт
Өөрийгөө ойлгочихвол
Цаашид мөнх амгалан байх нь
Өрөөсгөл бөгөөд бас л худал.
Өдөр шөнө ээлжлэн
Өнөөдөр маргааш болж хувирахад
“Өөрөө” гэдэг зүйл ч гарцаагүй
Өөрчлөгддөг. Энэ үнэн.
Өөр өдөр
Өөр “өөрөө” хоёр учрахдаа
Амьдралын туулшгүй, тоолшгүйд
Алмайран сөгдөх нь үнэн.
Өөр өдөр
Өөр “өөрөө” хоёр уулзахдаа
Цоо шинээр алдаж,
Цоо шинээр ухаарч,
Цоо шинээр хайрлах нь магад
Цорын ганц үнэн.
03:42 AM
2020.XII.17