“Eat, Pray, Love” номын тэмдэглэл
- Номтой танилцсан түүх
Олонд хэдий нь тахин шүтэгддэгээ шүтэгдэж, өнөөдөр магадгүй улиг болдгоо болоод амжсан эл номыг унших гээд анх барьж авахдаа хавтсан дээрх Сандэй Таймсын “Eat, Pray, Love номыг эмэгтэйчүүд амьдралын нууц мэт өөр хоорондоо дамжуулсаар ирсэн” гэх үгийг басаж, бараг шоолонгоо алдаж билээ. Гэвч миний дооглон харах энэ үг нэг л “чиний мэдэхгүйг би мэднэ” гэсэн аятай өөдөөс минь эргүүлээд намайг басахад дотор минь чинэрч, өөрийн “уншихгүй” гэх бардам бодлоосоо ичих мэт болов.
Дэлгэцийн уран бүтээл болсныг нь аль дээр, нэг биш ч удаа давтан үзэж, таашааж байсан ч хэзээ ч номыг нь уншихыг зорьж байгаагүй минь хачирхалтай. Гэвч уншсандаа хэзээ ч, хэрхэвч харамсахгүй гэдгээ одоо би итгэлтэй хэлж чадна.
2. Уншсан ерөнхий хувийн түүх
Тус номыг би саяны хавар эмнэлэгт хэвтэхдээ чирээд ирсэн юм. Философи, уран зохиолын сонгодог сүржин номноос бусдыг нь голдог мөнөөх чинь “массын, поп, бестселлер” ном бариад ирсний учир одоо бодоход магадгүй бие сэтгэл минь сульдаж, амихандаа хөнгөн, эмэгтэйлэг уншвар л хүссэнд байх. Би хавар талыг нь уншиж, хэд гурван сар орхичхоод зун үлдсэн хагасыг нь уншиж дуусгав.
3. Бичгийн хэв маяг
Гайхалтай. Мэдэхгүй юм, “эмэгтэй” бичгийн ур чадварын дээд цэг энэ ном байх. Эмэгтэй зохиолч болон зохиогчдын бичгийн найруулга цаанаа л нэг тийм… “эмэгтэй” байдгийг би үргэлж анзаарч, онцолж, шохоорхон уншиж ирсэн. Харин “Ид, Залбир, Хайрла” гэх бүтээлийн бичиглэл дэндүү тайван, шийдэмгий, хөгжөөнтэй, энхрий ялдам гэвч оюунлаг болон сүнслэг хүчтэй байсныг би одоо ч биширч дуусаагүй тэмдэглэл бичин сууна. “Үгүй нээрээ, эмэгтэй хүн ийм л ном бичих ёстой доо!”
(Англи хэл дээрх эх хувилбарыг нь уншсан тул Монгол орчуулгын талаарх сэтгэгдэл биш болно.)
4. Ухаарал, бодрол, сэтгэгдэл
a. Эцэг эрхт ертөнцөд орших үнэмлэхүй эмэгтэй түүх. Яаж? Яаж ингэж бичсэн юм бол оо? Үгүй, яаж ингэж амьдарсан юм бол оо? Өө тийм, энэ нь автобиографи талдаа буюу өөрийн бодит амьдралын нэгэн жижигхэн хэсэг болсон томоохон аяллын тэмдэглэл хэлбэрт ном билээ. Ажил, гэрлэлт, Нью Йорк гээд л “амжилттай” нэгэн гуч гарсан бүсгүй бүхнийг хаян Итали, Энэтхэг, Индонези улсуудаар өөрийгөө, эсвэл амьдралын утга учраа эрэхээр аян замд гарна. Би үнэндээ энэ номноос юу ухаарснаа үгээр ч олигтой оновчтой илэрхийлж чадах эсэхдээ эргэлзээд явчихлаа. Багцлаад хэлбэл ердөө өөрийгөө олж, хайрласан тухай л түүх юм уу даа. Энэ номыг номын дэлгүүрүүдэд тавигдсан мөчөөс эхлэн дэлхий даяар эмэгтэй хүн бүр Элизабет Гилбертийн мөрөөр “ид, залбир, хайрла” уриатай аялалд гарахыг мөрөөдсөн байх. Хэсэг бүлэг нь мөрөөдлөө биелүүлсэн ч байх. Би ч нэг өдөр энэ аялалд гарна. Тийм ээ, Гилберт эгч намайг бараг л өнөөх “шийдчихсэн” хүүхэн нь болгож орхиж.
b. Эмэгтэй хүч эрэгтэй хүчээс ялгаатай, содон, уян, увдислаг. Энийг би Хэрманн Хэссэгийн “Сиддхарта” зохиолоос хүчтэй мэдэрч байсан ч орчин цагийн эмэгтэй хүч өөр хаана ч, хэзээ ч ийм тод томруун, зоригтой, шүүлтүүргүйгээр тунхаглагдаж байсангүй. Жюди Брэйдигийн “Би эхнэртэй болмоор байна” эсээнээс хойш ийм хүчтэй эмэгтэй бичвэр бүтээл нийтлэгдсэн эсэхд миний даруу бие эргэлзнэм. Зохиолч Гилбертын “би хэзээ ч цагаан морьт ханхүүд аврагдаж байгаагүй, үүндээ ч хэт дасчээ” гэх наминчлал нь өнөө үеийн сая сая эмэгтэйн дуу хоолойн найрал болон миний чихэнд, дараа нь зүрхэнд дүнгэнэсэн юм. Гэсэн ч эмэгтэй хүний биологийн, эволюцийн хуулиас халилгүй, хайр дурлалд захирагдах мөн чанараа хадгалахын сацуу 21-р зууны тусгаар эрхт бүсгүйн орон зайг ч хамгаалж чадав болов уу. Энэ ном л бүсгүй заяат бидний мөнхөд хайж эрсэн хариулт бололтой.
c. Капиталист Нью Йоркоос хуучны сонгодог Италийн соёлоор дамжин шашинлаг, сүнслэг Энэтхэг, эцэст нь байгалилаг Индонезиэр биднийг аялуулахдаа Элизабет дотоод сэтгэлийн аяллаа тэмдэглэж, үгээр бясалгаж, үгээр уйлан, үгээр хөхөрсөөр хайрыг олж, бидэнд бэлэглэнэ. Бясалгал, залбирал, гэгээрэл мэтийг үнэндээ Элизабет Гилберт л барууны “хөдөлмөр, хөрөнгийн солиорол” дунд тэсрэх бөмбөг мэт хаяж орхисон юм биш үү дээ! Чингээд л борооны дараах мөөг мэт дорнын философи өрнө тивийн тэнд энд тархах бололтой гэж цээжний пангаа нэг дэлдчүүлчихдэг юм билүү?
5. Эцэст нь
Эмэгтэй байх ийм сайхан билүү? Бүх насаараа хайсан оюун ухаант, уян сэтгэлт бүсгүйтэйгээ учирч, бүр найзлаад ч авах шиг боллоо. Зориг тэнхээ, найдвар мөрөөдөл, зөөлөн гуниг, талархал хайраар миний бяцхан ертөнц дүүрч, тэлж орхилоо! Унших л хэрэгтэй. Өөр юу гэх вэ. Аа тийм: Элизабет Гилберт танд түмэн баярлалаа.
00:36, Мягмар, 2023.07.25
Улаанбаатар хот, Монгол Улс