Би уншдаггүй.

Urin Nyamsuren
2 min readJun 3, 2020

--

Photo credits go to @injinaash_bor (Instagram)

Би уншдаггүй.

Би ном уншлаа гэж зарлах гэж уншдаггүй,

Би сурснаа мэдэмхийрэх гэж уншдаггүй,

Би бусдыг эвгүй байдалд хийх гэж уншдаггүй,

Би уншсан номнуудаа тоолох гэж уншдаггүй,

Таалж явснаас тоолж яваагүй гэдэг билүү,

Тэгвэл

Тийм ээ,

Та таалаа, би таалах гэж уншдаг байж мэдэх юм. Гэвч

Би олон ном уншаагүй, олон ном уншиж амжих ч үгүй үхнэ.

Бие минь үхнэ, сүнс минь яахыг би мэдэхгүй л дээ.

Би ном уншчихлаа гэж өөрөөрөө бахархахын төлөө уншдаггүй.

Би энэ нусхайг гүйцэхдээ л нэг гүйцнэ дээ гэж уншдаггүй.

“Үр бүтээлтэй” байсан юм шиг мэдрэх гэж уншдаггүй.

Үлэмж мэдлэгтэй болоод бусдыг зандрах гэж уншдаггүй.

Ухаантай болох гэж… энэ өгүүлбэрийг дуусгахыг ч хүсэхгүй байна!!!

“Ухаантай” гэж ер нь ямар ч юм байдаг юм!

Тэгвэл, ээ бурхан минь, чи яг яах гэж уншдаг юм бэ?

Гэж мэгээд та надаас залхсан аятай асуу л даа.

(Гэж гуйж энэ тэр, өөрөө өөртэйгөө ярьж байж, тийм ээ?

Гэгээрэл, өнөөх галзууралтай давхцах нь энэ юм байх даа…)

Энэ хорвоод сэтгэлийг минь хөдөлгөх өөр

Эд, эр, эсвэл өөр юу ч байдаг юм, ер алга.

Энэ л байна.

Үйл хэрэг бүтээх гэсэн нэгхэн хүслийг минь

Ундаалж ургуулах ганц бордоо

Энэ л байна.

Өчиж би бүр ч хачирхалтай үнэнийг хэлье:

Өөр миний хийж чадах бас

Өөртөө намайг дурлуулж дөнгөх

Олигтой юм ер нь

Одоохондоо алга.

Тэгээд л

Тэр.

Харин унших, бичих хоёрыг холивол

Хачин сайхан байшингийн суурь зутгана.

Тэгвэл тэр байшин нь юу вэ гэж үү?

Тэрийг хэдүүлээ босгож үзэж байж л мэднэ дээ.

00:36

2020.05.03

--

--

Urin Nyamsuren
Urin Nyamsuren

Written by Urin Nyamsuren

Nothing is as good as good itself.

No responses yet